Ургийн баяр уй гашуугаар төгссөн тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн үед ургийн баяр хийх болсон. Ургийн баярыг архигүй тэмдэглэх ёстой. Гэвч архидан согтуурч нэгнийхээ аминд хүрч, ургийн баяр уй гашуугаар төгссөн тохиолдол бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл ургийн баярын үеэр согтуу жолоочийн улмаас  хоёр хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтжээ.

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр баг Хөндлөн хайлааст гэх газар нутагладаг, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, О.Г  нь ургийн баярынхаа үеэр согтуугаар жолоо барьсан байна. Үүний улмаас 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн нутаг Х гэх газарт СҮЭ-0… улсын дугаартай, Старекс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар майханд унтаж байсан Ш.О, Ш.Э, Б.О, Ж.Э нарыг дайрч, Ш.О, Ш.Э нарын амь насыг хохироож, Б.О, Ж.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Гыг хүнийг алах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар шүүгдэгч О.Гыг 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-д заасныг баримтлан ялтан О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар оногдуулсан 12 жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн ялтан О.Гын биечлэн эдлэх хорих ялын хугацааг 15 жил 6 сараар тогтоож, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагдан хоригдсон 51 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцсон байна.

Харин хүн дайрч алсан этгээд “… Миний бие нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэцагаан сумын 1-р баг Хд өөрийн төрөл саданг цуглуулж, ургийн баярыг зохион байгуулах ажлыг гардан хийж, энэ үйл явдал 3 хоног үргэлжилж, би нойр, хоолгүй ажиллаж, төрөл садангийн холбоотой Ш.О, Ш.Э нарын амь насыг хохироосон, Б.О, Ж.Э нарын биед хүнд хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. Би хохирогч нартай ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй, тэдгээрийг гэмтээх, амь насыг хохироох огтхон ч санаа зорилго байгаагүй, зориуд хүсэж энэ хэргийг үйлдээгүй, би хохирогч нарт учирсан бодит зардлыг төлж барагдуулсан, цаашид ч өөрийн боломжоор ар гэрт нь дэмжлэг үзүүлэх бодолтой явдаг. Надад холбогдох хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Давж заалдах шатны шүүх О.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож автомашин, гэр, майхан зэргийг дайрч, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байж болзошгүй байхад нотолвол зохих гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Мөн замын цагдаагийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 тоот дүгнэлтийн үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн юм.  Тиймээс анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаажээ.

Тиймээс иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтуу үедээ жолоо барихгүй байж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.

 

Be the first to comment on "Ургийн баяр уй гашуугаар төгссөн тохиолдол бүртгэгдлээ"

Leave a comment

Your email address will not be published.


*