Чулуунчимэг: Таван жил ханилсан ханиа, найз Мөнгөнцэцэг хоёроо уучилсан!!!

Хайртай нөхрөөсөө хамгийн дотны найздаа алдчихаад байгаа дуучин Э.Чулуунчимэг төрсөн нутагтаа очиж, сэтгэл юугаан тайтгаруулж яваа сурагтай. Таван жилийн амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, хайр сэтгэлийг нь хөсөрдүүлж орхисон нөхрөөсөө салж буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тэрбээр сайн муу үгс бишгүйдээ л сонссон биз. Гэсэн хэдий ч, гэртээ суугаад уйлж унжихыг урьтал болголгүй өөрийн зорьсон бүхэндээ тууштай байхаар хичээж яваагаа фэнүүддээ хэлжээ.

 

Тэднийг салж сарнисан гэх мэдээлэл үнэн болохыг баталж “Одоо тэгээд ч яалтай билээ. Уйлаад суултай нь биш, гэгээлэг бүхэнд тэмүүлье” хэмээсэн дуучин бүсгүйн сэтгэлийн тэвчээрийг олон хүн үнэлсэн байна. Хэдийгээр эр нөхөр нь ханьдаа зориулж шүлэг тэрлэн, гэр бүлийнхээ зургийг олон нийтэд дэлгэж байгаа ч дуучин Э.Чулуунчимэгийн шийдвэрийг өөрчилж чадаагүй бололтой.

Урлагийн ертөнцөд хамтарч уран бүтээлээ туурвиж явсан тэдний хувьд, ийнхүү тус тусынхаа зам мөрийг хөөснөөр амжилтын буухиа нь замхрах вий гэж санаа зовних хүн ч бий. Дуучин Э.Чулуунчимэгийн авьяас чадвар, дуучин Б.Болдын шинэлэг менежмент хийгээд бизнесийн чанарууд гайхалтай хоршиж, богино хугацаанд олонд таниулсан нь нууц биш. Харин одоо хэн, хэн нь ганцаараа дуулаад хэр хол явахыг харах л үлдэж байх шив дээ.

Сайн байна уу? Сүүлийн үед сошиал орчинд Э.Чулуунчимэг та хоёрыг тойрсон үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна. ХМХ-үүдээр бичигдээд байгаа шиг зүйл та хоёрын дунд үнэхээр болоо юу? Таны хувьд өнгөрсөн хугацаанд чимээгүй явсаар өдийг хүрсэн шүү дээ. Хоёулаа ярилцлагаа энэ талаар эхлүүлье.

-Юуны өмнө дуунд дуртай Монгол түмнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Таван жил ханилсан ханиа, дээр нь үрийг минь төрүүлж өгсөн эмэгтэйг би өнөөдөр ч гэсэн хүндэлдэг. Зарим үед дуугүй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. “Олгой хагаравч тогойн дотроо” гэдгийн адил би эцэг хүний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж охиныхоо ирээдүйд хар толбо үлдээхийг хүсээгүй. Чукагийн хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дүндээ охинд маань л муугаар нөлөөлнө. “Танай аав, ээж чинь ингэдэг, тэгдэг байсан” гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шүү дээ. Тиймээс би эр хүнийхээ хувьд энэ бүхний хажуугаар чимээгүй л явсан гэх үү дээ. Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш. Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх үү, юу ч өөрчлөгдөхгүй.

-Танай аав ээж хадаг яндараа буцааж авсан гэдэг нь үнэн үү? Эсвэл энэ нь танай нутгийн ёс юм уу?

Ёс гээд байх юм биш ээ. Уг нь энэ тухай Чука өөрөө ээжтэй утсаар ярьсан яриа нь байдаг л даа. Чука манай ээж аавын байранд ирээд “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж хэлээд явсан байдаг юм. Ээж жижүүрийн өрөөнд очиход үнэхээр л хадаг, мөнгөн аягатай сүү үлдээчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Чука намайг сайн, муугаар хэлж болно харин, ижий аавыг маань хүртэл үүнд оролцуулж байгаад таагүй санагдаж байна. Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд хамгийн их тусалж дэмжиж, ар талыг хариуцаж, охиныг маань өсгөсөн хүмүүс бол миний аав, ээж хоёр. Тухайн үед Чука хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хүртэл хадмуудаа магтдаг л байсан. Гэтэл одоо хамгийн муу хадмууд болчихоод л явж байна. Миний аав, ээж хоёр Чукатай ам зөрж байхыг би лав харж байгаагүй. Би бусдын аав, ээжийг ийм тийм гэхгүй. Манай хадмууд сайн хүмүүс. Төрүүлж өсгөсөн сайхан охинтой нь би таван жил ханилж, хөөрхөн охинтой боллоо. Ийм байтал эцэг эхэд нь би юу хэлэх билээ.

-Охинтойгоо байнга уулзаж байгаа юу?

-Хүүхэдтэйгээ аль болох ойр байхыг л хичээж байна. Одоогоор охин маань ээжтэйгээ амьдардаг. Хаа хаанаа л бид хувь уран бүтээл, ажил төрлөө хийгээд л явж байна. Миний хувьд уран бүтээлдээ оролгүй бараг найман сар болсон байна. Энэ хугацаанд зүгээр суусангүй, “B sound” продакшныхаа ажилд илүүтэй төвлөрч найзуудынхаа хэд хэдэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Чукатай учиргүй барьцаж байгаа юм шиг шинэ дуу, цомог гаргаад байхыг хүссэнгүй, багагүй харзнасан гэх үү дээ. Харин одоо уран бүтээлдээ орох цаг болсон. “Амьдрал” хэмээх нэртэй шинэхэн уран бүтээлээ саяхан өлгийдөн авлаа. Цааш цаашдаа олон сайхан уран бүтээлийг сонсогчиддоо хүргэх болно.

-Та фэйсбүүк хуудаснаа хариу шүлэг постолсон нь дахиад л олны анхаарлыг багагүй татсан. “Зоригтой бай миний хань Зорилго хийморьтоо бардаж амьдар Эр хүн энэ гэрийн ноён нуруу Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ” гээд л их сайхан үгтэй. Э.Чулуунчимэгийн шүлгэнд хариу барьсан шүлэг гэж ойлгож болох уу?

-Миний зохиосон шүлэг бол мэдээж биш. Шүлгийн үг нь миний амьдралтай ойр санагдсан учраас Чукад зориулж постолсон. Хэзээд, ямар ч тохиолдолд, магадгүй бид өөр өөр замаар явсан байлаа ч гэсэн хань нь чиний талд үргэлж байна шүү гэдэг утгыг илэрхийлэхийг хүссэн. Гэтэл үүний дараахан биднийг “Шүлгээр байлдлаа” гээд л янз бүрээр их бичсэн. Эр хүний ноён нуруу гэж байна, Чукагийн бичсэн үг, үйлдэл бүрт нь хариу үзүүлээд байвал утгагүй биз дээ.

Э.Чулуунчимэгийн өөрт тань зориулж бичсэн шүлгийг уншаад яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Хатуу үгтэй шүлэг байсан. Уншаад мэдээж таатай мэдрэмж төрөхгүй нь лавтай. Тэр шүлэгний дараа таньдаг хүн бүхэн над руу залгаад л “Та хоёрын дунд юу болоо вэ” гээд л маш их асуусан. Муу юм хурдан хүмүүст хүрдэг, мөн манайхан бусдын амьдралд ямар их дурладаг юм бэ гэдгийг тэгэхэд л ойлгосон. Бидний хамтдаа байсан таван жил багагүй урт хугацаа. Бидний өнгөрсөн амьдралын 80 хувь сайхан зүйлсээр дүүрэн байсан гэдгийг би ам бардам хэлнэ. Муугаасаа илүүтэй сайн сайхан, гэгээлэг зүйлс их байсан. Хүний амьдралд сайн, муу хосолж, сайхан, муухай ээлжилж л байдаг хорвоо.

-Нууц биш бол салах шалтгаан чухамхүү юу байв. Залуу хосуудын үлгэр дуурайлал болсон жаргалтай гэр бүл эцэстээ яагаад салахад хүрэв?

-Салахад хүргэхээр хүчтэй шалтгаан бол бидний дунд байгаагүй. Багахан үл ойлголцол бол мэдээж байсан. Үүнийг л хэн хэн нь тэвчиж мөн ойлголцож чадаагүйн болов уу гэж боддог.

 

-Дуучин Х.Мөнгөнцэцэг та хоёрыг холбоотой гэж ярьдаг. Үнэн үү?

Үгүй ээ. Мөнгөө бид хоёр нэг ангийн сайхан найзууд. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэдэг шиг манай ангийн төгсөгчдөөс хамгийн сүүлд тоглолтоо хийсэн хүн нь дуучин Х.Мөнгөнцэцэг байсан. Гэвч маш их хэл аманд өртсөн дөө. Найзынхаа тоглолтыг зохион байгуулсны дараа Чукагийн шүлэг ч нийтлэгдэж “Мөнгөө бид хоёрыг холбоотой” гэх явган яриаг улам хүчтэй болгосон. Бид жирийн л сайхан найзууд. Өнгөрсөн зунаас эхлэн тоглолтын талаар нь ярьж, ирэх жил тоглолтыг нь зохион байгуулна гэдгийг Чука ч гэсэн мэдэж л байсан.

 

-“Хайртай хүнтэйгээ яаж ч муудалцсан гэсэн ард нь эвлэрэх зай үлдээж бай” гэдэг. Та хоёрын хувьд эвлэрэх орон зай үлдээгүй гэж үү?

-Сошиал орчин болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн мэдээлэл гарах тусам бидний харилцааг улам сэвтүүлж байна. Бидний амьдралын нэг хувийг ч хүмүүс мэдэхгүй атал дэндүү мэддэг юм шиг зүй зохисгүй үгээр доромжилж байгаад би үнэндээ харамсаж байна. Сүүлдээ ч энэ бүхэнд дөжирч байх шиг байна. Манайхан хэт нэг тал руу туйлшрах юм. Магадгүй би телевизийн нэвтрүүлэгт ороод уйлж унжвал намайг өрөвдөж, магтаад л энэ хорвоо дээр надаас өөр сайн хүн байхгүй юм шиг надад дуртай болчих тийм л туйлширамтгай нийгэмд бид амьдарч байна. Гэлээ гээд би тэгэхгүй ээ. Миний нулимс гарах нь амархан ч гагцхүү үнэн нулимс унадаг юм./Бодолд автав/

 

Сэтгэгдэл бичих